header

Бусад

    E. Ganbolor

    09-15-2026 2 цагийн өмнө
    ·Спорт

    Т.Ганчимэг IRONMAN-ийн бүтэн зайн хамгийн хүнд сорилтыг 11 цаг 43 минутад туулж, Конагийн дэлхийн аваргын эрх авлаа

    image

    Монголын улсын триатлоны тамирчин Т.Ганчимэг Япон улсад зохион байгуулагдсан “IRONMAN” бүтэн зайн тэмцээнд амжилттай оролцож, өөрийн насны ангилалдаа хоёрдугаар байр эзэллээ. Тэрээр тэмцээнийг 11 цаг 43 минутын амжилтаар дуусгаж, өмнөх өөрийн үзүүлэлтийг 40 минутаар ахиулсан байна.

    May be an image of ‎map and ‎text that says '‎IRONMAN JAPANAA OATE JAPAN 2026 PRESENT YOUR COUNTRY WITH YOUR SIGNATURE あなたの出身地をサインで紹介してください! ください! 山o下さす味 /የሔ Sopi ၃တ် chaok ر (税子) (.Lたこ) IRO OFFICIALLYQUALIFIED QUALIFIED OFFICIALLY スー brirs WHERE WHEREAREYOUFROM? ARE YOU FROM? あなたはどこから来ましたか? ?‎'‎‎

    “Ironman” бүтэн зайн тэмцээн нь 3.8 км сэлэлт, 180 км дугуйн уралдаан, 42.2 км гүйлт гэсэн гурван төрлөөс бүрддэг бөгөөд тамирчид нийт 226 км зайг нэг өдрийн дотор туулдаг. Тэсвэр, хүч, сэтгэл зүйн өндөр бэлтгэл шаарддаг энэхүү тэмцээн нь дэлхийн триатлоны спортын хамгийн нэр хүндтэй уралдаануудын нэг юм.

    Т.Ганчимэг энэ удаагийн тэмцээнд олон орны тамирчидтай өрсөлдөн, насны ангилалдаа мөнгөн медаль хүртсэн бөгөөд тэмцээний эрхийн хуваарилалтын үр дүнд IRONMAN дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авсан байна.

    Тодруулбал, түүний насны ангилалд нэгдүгээр байр эзэлсэн АНУ-ын тамирчин дэлхийн аваргын эрхээсээ татгалзсанаар уг эрх дараагийн байрт шалгарсан Т.Ганчимэгт шилжжээ.

    Ингэснээр Т.Ганчимэг ирэх онд Хавайн Кайлуа-Кона хотод зохион байгуулагдах “IRONMAN World Championship” буюу дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох боломжтой болж байна.

    May be an image of bicycle and text

    Т.Ганчимэгийн хувьд энэ нь түүний анхны “IRONMAN” тэмцээн биш юм. Тэрээр өмнө нь Австралийн IRONMAN Western Australia тэмцээний бүтэн зайг амжилттай туулж байсан бөгөөд мөн “IRONMAN 70.3” цувралын Port Macquarie, Busselton, Noosa зэрэг олон улсын тэмцээнүүдэд оролцож, туршлага хуримтлуулжээ.

    Олон улсын өндөр түвшний тэмцээнүүдэд тогтмол оролцож, өөрийн амжилтыг ахиулсаар ирсэн түүний энэ удаагийн үр дүн нь Монголын триатлоны тамирчид дэлхийн тэсвэрийн спортын томоохон тэмцээнүүдэд өрсөлдөх боломж, хүрээгээ тэлж буйн тод жишээ болж байна.

    Триатлон нь зөвхөн бие бялдрын өндөр чадвар төдийгүй олон сарын, олон жилийн тасралтгүй бэлтгэл, сахилга бат, тэсвэр тэвчээр шаарддаг спорт. Т.Ганчимэгийн хувьд спортын бэлтгэлээ ажил, гэр бүлийн амьдралтайгаа зэрэгцүүлэн үргэлжлүүлж, олон улсын тэмцээнүүдэд Монгол Улсынхаа нэрийг төлөөлөн оролцож ирсэн нь энэхүү амжилтын үнэ цэнийг улам нэмэгдүүлж байна.

    Түүний Конагийн дэлхийн аваргын замнал ийнхүү эхэлж байна. Монголын триатлоны спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмэгдлээ.

    Т.Ганчимэгтээ дэлхийн аваргын тэмцээнд нь өндөр амжилт хүсье.

    Энэхүү мэдээ танд ямар санагдав?


    Сэтгэгдэл

    Одоогоор сэтгэгдэл алга. Эхний сэтгэгдэл үлдээгээрэй!

    tiim-logo

    © 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан