header

Бусад

    undefined. undefinedundefined

    09-15-2026 32 минутын өмнө
    ·Эргэлтийн цэг

    Н.Болорхүү: “Захирал нь ажилтнуудынхаа зүрхэнд гал асаахгүйгээр мянга ганцаараа зүтгээд амжилтад хүрэхгүй”

    image

     

    Timely аппликейшний үүсгэн байгуулагч Н.Болорхүү нь  цэвэр хөдөлмөр, шаргуу зан чанараараа санаагаа шийдэл төдийгүй үнэ цэн болгож  яваа жижиг, дунд бизнесийн компаниудын төлөөлөл юм. Зах зээлд гараад 5 гаруй жил болсон Timely аппликейшнийг өнөөдөр 1500 компанийн 40 мянган ажилтан хэрэглэж байна. Н.Болорхүүтэй бизнесийн тогтвортой амжилтын шалтгаан, нас залуу хүмүүстэй хэрхэн ажиллах, бизнесээ хэрхэн төлөвлөдөг тухай ярилцсаныг та бүхэнд хүргэж байна.

    -Манай “Эргэлтийн цэг” булангийн анхны зочноор оролцож байгаа танд баярлалаа. Timely компанийн хувьд 2021 оноос хойш туулсан цаг хугацаагаа бодоход эргэлтийн цэг нь хэзээ байсан бэ?

    -Timely компани 2021 оны 6-р сард үүсгэн байгуулагдсан. Тухайн үед би “Skytel” компанид программистаар ажилладаг байхад ажлын хамтрагч  Оч бид хоёр газрын захирал Даваажамцдаа санаагаа танилцуулаад, хөрөнгө оруулалт хүсэхэд их уриалгахан хүлээж авсан. Энэ хүнийг манай анхны хөрөнгө оруулагч буюу Timely-ийн хамтран үүсгэн байгуулагч гэж ойлгож болно.  Ингээд  гурван сарын  цалин, оффисын түрээс, ганц хоёр ширээ сандал авах мөнгөтэйгөөр Timely эхэлсэн. 

    Тухайн үед Timely-аас гадна  болзооны апп, QR-аар санал хүсэлт авдаг байгууллагын платформ, кино сайт гээд нийт дөрвөн бүтээгдэхүүнтэй байсан. Компаниа байгуулснаас гурван сарын дараа Хүүхдийн паркт дижитал үзэсгэлэнд бүтээгдэхүүнүүдээ танилцуулж зогслоо. Ирсэн хүмүүс эерэг, сөрөг янз бүрийн сэтгэгдэлтэй ч Timely-г илүү сонирхож байсан. Тийм учраас Timely-г гол бизнесээ болгох нь оновчтой гэдгийг анзаарсан. 

    90 саяын грант авсан гэдгээрээ QR платформоо үндсэн бизнесээ болгосон бол яах байсныг мэдэхгүй юм. Ямартай ч бусдыг нь хаяад зоригтойгоор  Timely руу “дайрсан”. Ингээд сүүлд нь “MCS Ventures”-ээс хөрөнгө оруулалт амжилттай татсан. Энэ үеийг л эргэлтийн бөгөөд өсөлтийн цэг гэж хэлж болох байх. 

    -Туршлага багатай, залуу хүмүүс нийлээд санаачилсан шинэ бизнест хөрөнгө оруулалт авах тийм ч амаргүй болов уу.  Хөрөнгө оруулалт авахыг хүсэж байгаа хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?

    -Нэгдүгээрт, танай бүтээгдэхүүн, үйлчилгээ хөрөнгө оруулалт авахгүй байсан ч зах зээлд амьдрах чадвартай байх ёстой. Хэрэв ийм тэсвэржилттэй байвал хөрөнгө оруулалтгүй байсан ч цаашид  үргэлжилж чадна. Тэр тэсвэржилт байгаа эсэхийг  шалгаад үзэхэд гэмгүй. Хэрэв байвал тодорхой хэмжээний орлого,  хэрэглэгчтэй болсны дараа хөрөнгө оруулалт хайхыг би зөвлөнө. Манайх ч гэсэн энэ зарчмаар явсан. Бид нар 2022 оны 10-р сард  “MCS Ventures”-ээс санхүүжилт авсан. “MCS Ventures”  бол маш туршлагатай хөрөнгө оруулагч. Ингэхдээ бид нар өөрсдийн гэсэн санаатай, түүндээ 30, 40  харилцагчтай болсноос 6 сарын дараа хөрөнгө оруулалтаа амжилттай татаж чадсан. Бас нэг чухал хүчин зүйл бол захирал буюу CEO байдаг гэж  хөрөнгө оруулагч “MCS Ventures”-ээc хэлсэн. Тэр бизнесийг хэн удирдаж, авч явах нь хөрөнгө оруулагчид чухал байдаг юм шиг. Оффисоор кофе уугаад гарахдаа, хөрөнгө  оруулалт татах саналаа танилцуулахад, гадуур уулзахдаа гээд байнга  харж байдаг юм болов уу гэж бодсон. 

    -Timely-ийн ирээдүйд та ямар хүлээлттэй байдаг вэ?

    -Миний зүгээс хүлээлт өндөр байгаа. 2021 онд анх байгуулагдаад гарсан хувилбар маань үнэхээр л анхны хувилбар байлаа. Тэр цагаас хойш 5 жилийн турш өдөр бүр тасралтгүй сайжруулалт хийсээр байгаад өнөөдрийн түвшинд хүрсэн. Өнөөдөр ч гэсэн бид нарт хийгээгүй  дутуу үлдээсэн олон хөгжүүлэлтүүд байна. Timely-г ихэвчлэн цаг бүртгэлийн апп гэж  хүмүүс боддог. Бид нар цаг бүртгэлээс эхэлсэн ч Монголын хамгийн том хүний нөөцийн технологийн компани болно гэж зорьдог. Бид нар одоо ажилтны бүх төрлийн мэдээлэл буюу анкет авах, бүх төрлийн ажлын цагийн тайлан гаргуулах, бүх төрлийн цагийн хүсэлтүүд илгээх, хүлээн авах, шалгалт, судалгаа, санал асуулга авах, ажлын тайлан оруулах, нийт ажилтнууд руугаа мэдэгдэл илгээх гээд олон функцийг багтаах гээд ажиллаж байна. Тийм учраас ирэх 5 жил ч гэсэн өдөр бүр сайжруулалт, хөгжүүлэлт үргэлжлүүлэн хийнэ.  

    -Timely Монголын хамгийн их харилцагчтай цаг бүртгэлийн апп болоход нөлөөлсөн зүйл нь мэдээж бүтээгдэхүүний өөрийнх нь онцлог байгаа. Тэгвэл үүнээс өөр ямар шалтгаан байгаа гэж та хэлэх вэ?

    -Компанийн амжилт ганц хүнээс шалтгаалахгүй.  Багийн нэгдлээс маш их шалтгаалдаг. Багийн уур амьсгал хэр байна. Баг дотроо хэр зэрэг хамтарч чадаж байна.  Баг хүчтэй байвал бүтээгдэхүүн өөрөө нийгэмд эзлэх байр суурь  бат бөх байдаг. Тэгвэл багийг хүчтэй байхын тулд чиглүүлэгч хэрэгтэй. Тэр хүн нь CEO буюу гүйцэтгэх захирал нь юм. Баг удирдаж байгаа захирал хүнээс үргэлж манлайлал шаарддаг. Баг нь сэтгэлээр унахаар дагаад гутраад байж болохгүй. Тийм учраас Timely танигдаагүй байхад би CEO маркетинг байнга хийдэг байсан. Сошиалд оруулж байгаа бүх пост Timely-тай л холбоотой байсан. Бүтээгдэхүүнээ зарах гээд уулзалт хийхэд өнөөдрийнх шиг хувилбарт хүрээгүй байсан ч гэсэн би нүүр бардам Timely гээд яриад явдаг байсан. Яагаад гэвэл хүмүүс худалдан авалт хийхдээ  захирал нь өөрөө бүтээгдэхүүндээ хэр итгэлтэй байгааг хардаг. 

    Тийм учраас зориуд маркетинг хийж, зориуд хүрээлэл үүсгэсэн гэж хэлж болно (инээв). Үүнийхээ үр дүнд боломжийн хэмжээгээр танигдсан. Тэр эрчээ  өнөөдөр ч гэсэн алдаагүй явж байна. Тийм учраас захирал хүн жанжин шугамаа алдаж болохгүй. Үргэлж гал цогтой, дуусашгүй эрч хүчтэй байх ёстой.

     

    -Таны хувьд тэр эрч хүчийг яаж бий болгодог вэ?

    -Бид ”Timely”-аар дамжуулан   1500 байгууллагын 40 мянган ажилтны цагийн соёлыг бүтээж буйгаараа маш их бахархдаг. Timely-г хэрэглээд “үнэнчээр ажиллахаас өөр аргагүй боллоо”  гэж хүмүүс хэлдэг  (инээв). Өөрөөр хэлбэл ажлын цагийг хийдүүлэх боломжгүй болж байгаа юм.  Би улс орны бүтээмж ажилтнаас эхэлдэг гэж боддог. Нэг ажилтан цагаа хүндэтгэж, ажлын цагаа хийдүүлэхгүй, илүү хариуцлагатай  бөгөөд бүтээмжтэй ажиллавал багийн  бүтээмж өснө. Багийн бүтээмж өсөхөөр байгууллагын үр ашиг, орлого нэмэгдэнэ. Харин ийм соёл олон байгууллагад бий болж чадвал эцэстээ нийгмийн бүтээмж, цагийг хүндэтгэх хандлагад хүртэл өөрчлөлт авчирна. Тиймээс бид Timely-г зөвхөн цаг бүртгэлийн систем биш, цагийг хүндэтгэдэг соёлыг бий болгох хэрэгсэл гэж хардаг. Тийм учраас би залуучууддаа хэлдэг. Та нар зүгээр нэг технологийн компанид ажиллаагүй шүү.  Нийгэмд үнэ цэн бүтээж байгаа. Наад зах нь олон мянган цаас хэвлэгдэхээс сэргийлж байна гэдэг. Бид нар таван жилийн турш 4000 мод хэмнэсэн байна гэж тооцоо гаргасан. 

    Тийм учраас хийж байгаа ажил маань надад маш их кайф өгдөг. Гэхдээ тэр кайф зөвхөн борлуулалтын төлөвлөгөөндөө хүрэх, бизнесийн үр дүн гаргахаас ирдэггүй. Миний хувьд хүнтэй ярилцах, санал бодлыг нь сонсох, санаа солилцох өөрөө их гоё мэдрэмж өгдөг. Ялангуяа багийнхантайгаа их ярилцана. Багуудынхаа хуралд орж, залуучууддаа санаа шидэн, зөв асуулт тавьж, тэдний бодлыг сонсохоос их эрч хүч авдаг.

    Үүнээс гадна өдөр тутамдаа мэдээж гэр бүл, үр хүүхдүүдээсээ их эрч хүч авна. Мөн дасгал хөдөлгөөн  байна. Би 2015 оноос хойш фитнесээр хичээллээд сүүлийн хоёр жил өдөр бүр шахуу хийж байна. Хоёр удаа тэмцээнд орсон. Өглөө 5 цаг 30 минутанд босож, хүүхдүүддээ цайг нь бэлдэж уулгана. Ингээд эхнэртэйгээ хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөөд 7 цагаас 30 минут кардио, 1 цаг бэлтгэл хийнэ. Дараа нь халуун саунд суугаад хүйтэн шүршүүрт орно. Оройдоо цаг гарвал  гэрийнхээ саадыг  цаг гаруй  тойрч алхана. Алхангаа  маш их зүйл эргэцүүлж, төлөвлөдөг. 

    -Timely-ийн хувь нэмрээ оруулж  буй цагийн  соёл гэсэн ойлголт анх таныг санаагаа гаргахад байсан уу?

    -Анхнаасаа байсан. Би програм хангамжийн инженер мэргэжилтэй. Тэгээд ер нь хуруу бүртгэлийн төхөөрөмжийг анзаараад байхад нэг хүн олон хүний өмнөөс хуруу дарах, оочир үүсэх, хамгийн хэцүү  нь цагийн нэгтгэл тайлан гаргах гэж хүний нөөц, цалингийн нягтланд гар ажиллагаа ихтэй ажилтай зууралддаг гээд сул талууд ажиглагдсан. 100 гаруй ажилтантай байгууллагад  2-3 хоног болох жишээний. Энэ өөрөө байгууллагад хохиролтой байдаг. Үүнийг дагаад нийгэм ч гэсэн хохирно. Тэгвэл үүнийг яаж шийдэж болох талаар өөрөөсөө асуутал гар утасны апп гэж шийдсэн. Хамгийн анхны хувилбара Сонгинохайрхан дүүрэгт байдаг худалдааны төвд туршсан. Ажилтнуудынх нь сэтгэлд  ч нийцсэн учраас хөгжүүлэлтээ сайн хийчихвэл борлуулалт хийж чадах юм байна гэсэн итгэл төрч эхэлсэн. 


    -Таны хувьд хувиараа бизнес хийгээд явбал илүү аз жаргалтай байх юм байна гэсэн мэдрэмж төрөөд Timely-г эхлүүлсэн үү?

    -Хуучин компанидаа  дөрвөн жил ажилласны дараа тухтай бүсдээ орчихсон байсан. Өгсөн ажлыг нь хийгээд боломжийн цалин аваад л. Гэтэл уг нь би  сорилтод дуртай хүн байгаад байдаг. Тийм болохоор Timely гэдэг сорилтоор өөрийгөө шалгахад болохгүй юм байгаагүй. Бэлэн гурав дөрвөн санаа байсан.   Хамтран ажиллаж, нэгнийгээ дэмжих хүмүүс байсан. Ингээд нэлээд бодсоны эцэст ажлаасаа гарсан. 

    Намайг ажлаасаа гарч байхад хүмүүс “чи зургаан сараас илүү тэсэхгүй дээ” гэж ч хэлж байсан. Хувиараа ажиллаад авах цалин маань тухайн үед авч байснаас бага, зургаан сар болоод л дуусах байсан. Статус нь яахав сайхан. CEO гэдэг нэртэй. Тэгсэн хэдий ч би 6 сар дотроо яаж хийж байгаад болгох ёстой гэж шийдсэн. Шийдвэрээ гаргаад эхнэртэйгээ ярилцсан. Эхний 6 сар дуусаад мөнгөгүй болоход дахиад 6 сар тэсэж чадах уу гэхэд чадна гэсэн. Гэхдээ тэрнээс хойш нэг их удаан зовоогүй дээ (инээв).

    -Timely-ийн үүсгэн байгуулагчийн хувьд 2021 оноос хойших хамгийн хэцүү үе нь хэзээ байсан бэ? 

    -Үнэнийг хэлэхэд  дурлаж хийсэн ажил учраас хүнд гэхээр үе надад байгаагүй. Гэхдээ эхний гурван жил  амар байгаагүй. Тогтмол 20-иос 12 цаг ажилладаг байсан. Ажил, гэр ч ойрхон. Хүүхдүүдээ унтаж байхад гараад, унтаж байхад нь орж ирдэг. Дөрвөн цагийг л гэртээ өнгөрөөдөг байсан. Ковидын үе таарсан учраас ганцаараа оффистоо амьдрах шахуу байлаа. Ингээд ганцаараа байснаа яваандаа хоёулаа гурвуулаа болсон. Өнөөдөр манай баг 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Баг томрох тусам арай өөр удирдлагын арга барил надаас шаардсан. 2022 онд  хөгжүүлэгч залуутайгаа код бичээд суутал өнөөх маань надад “Болороо ах аа, би Timely-г хол явна гэж боддоггүй!” гэдэг байгаа. Тэгэхэд би нэг юм ойлгосон. Энэ хүмүүсийн зүрхэнд “Timely чадна” гэсэн галыг асаахгүйгээр ганцаараа мянга итгээд хол явахгүй. 

    Дээрээс нь орлого тогтвортой тогтворгүй, системийн доголдол, нийгмийн стресс янз бүр байна. Тэгэхээр нөхцөл байдал яаж ч эргэсэн бай, би өөрөө заавал эрч хүчтэй байх ёстой болсон. Багийхныхаа сэтгэл зүйг бэлдэх хэрэгтэй болсон. Тэгэхийн тулд  ментор, көүчингийн олон сургалтад суугаад овоо чадваржсан байх. 

    Хүн удирдах туршлагагүй байсан болохоор хүсэлт зорилгоо гадагшаагаа илэрхийлдэггүй байсан юм шиг байгаа юм. Тэгээд хөгжүүлэгч залуугийнхаа үгийг сонссоноос хойш хурал болгон дээрээ үг хэл, үйлдлээрээ, шийдвэрээрээ, хийж чадах зүйлсээрээ нөлөөлөхгүйгээр нөлөөлөх хэрэгтэй болсон. Яагаад гэвэл би хүнийг “чи Timely-д итгэ” гэж загнаж болохгүй. 2021-2023 он хүртэл би залуучууддаа өдөр бүр Timely нийгэмдээ ямар үнэ цэн бүтээж байгаа талаар ярьдаг байв. Тэгж байтал 2023 онд бид Шилдэг старт-ап, МХАҮТ-ийн Шилдэг гарааны бизнес, Unread авардсын Шилдэг апп гээд хэд хэдэн шагналыг олон том старт-апуудтай өрсөлдөөд авсан. Ингээд аяндаа манай залуучууд ч гэсэн сэргээд л ирсэн.

    Өнөөдөр манай бүтээгдэхүүн энэ чиглэлдээ номер 1 гэдэгт бид эргэлздэггүй. Хүн ажилд авахад ч мэдэгддэг.   2021 онд хэн ч мэддэггүй байсан аппийг өнөөдөр харьцангуй сонссон, хэрэглэж байсан хүмүүс орж ирээд байгаа (инээв). 

    -Ажил олгогч нь ажилтандаа итгэл үнэмшил бий болгох, өндөр цалин амлахын аль нь илүү чухал вэ? Жишээлбэл, GenZ нарыг цалингаас илүү хийж байгаа ажилдаа итгэж, хаашаа хүрэхийг нь мэдэх илүү чухал болсон гэж яриад байгаа.

    -Хүнд хоёулаа чухал. Гэхдээ хүнд юунд хүрэх гэж байгаадаа итгэл үнэмшилтэй, багийн уур амьсгал нь гоё, үнэт зүйл нь нэгдмэл газар л сайхан санагдана.  Та өөрийгөө 10 саяын цалинтай ч уур амьсгал нь муухай газар ажиллаж байна гээд төсөөл дөө. Тэгж сэтгэл зүйн дарамтад орж байснаас 3 саяын цалинтай аятайхан  уур амьсгалтай газар ажиллахыг хүснэ шүү дээ.

    Тийм учраас манай багийн залуучуудад нэгдүгээрт, хийж байгаа юмандаа итгэл үнэмшилтэй байх. Хоёрдугаарт, үнэт зүйл нь нэгдмэл байх чухал. Гэхдээ үнэт зүйл нэг гэхээр компаниаар хайрцаглаж болохгүй.  Тэр хүмүүсийн амьдралдаа баримталдаг зарчим нь ч гэсэн нэгдмэл байх хэрэгтэй. Нийгэмдээ хэрэгтэй, үнэ цэнтэй юм бүтээх, гоё юм бүтээж байгаа компанид ажиллах юмсан, халуун дулаан, хандлага нь зөв хүмүүстэй хамт байх юмсан гэдэг үнэт зүйлтэй байх. Тийм учраас би багийн залуучуудаа аль болох үнэт зүйл дээр нэгддэг байгаасай гэж хүсдэг. Нэмээд аль болох өрсөлдөхүйц цалин олгох. Тиймдээ ч манай залуучууд тогтвортой ажиллаад байдаг болов уу гэж боддог. Манай багийнхан дандаа GenZ залуучууд. Хамгийн нас татаж байгаа нь би л байна (инээв).


    -Та Timely-ийн ирээдүйг хэдэн жилээр төлөвлөсөн байгаа вэ?

    -Старт-апууд том компаниуд шиг 5, 10 жилээр төлөвлөгөө барагтаа гаргахгүй. Гэхдээ мэдээж дотроо харсан юмнууд байгаа. Нөгөөтэйгүүр өнөөдөр хүнээс та 5 жилийн дараа юу хийх вэ гэж асуувал тодорхой хариулт өгөх хэцүү болсон. VUCA WORLD  гээд ойлголт байдаг. Эргэлзээтэй, ойлгомжгүй, тогтворгүй, тодорхойгүй гэсэн дөрвөн үгний товчлол. Хуучин манай эмээ өвөөгийн үед 5 жилийн гавшгай гэж байсан. Тэр үед  өнөөдрийнх шиг шинэ технологи ар араасаа  ийм хурдтай гардаг байгаагүй. Өдөрт гаргаж байгаа 10 гутлаа 12 болгочих гээд таван жилийн төлөвлөгөө ярих боломжтой байсан. Өнөөдөр бол боломжгүй. Жилийн дараа энэ компани байхгүй ч болсон байж болно. Гэхдээ тэрэнд дасан зохицож амьдрах нь бидний гол зорилго. Бид нарыг хүүхэд байхад IQ сайтай байхыг шаарддаг байсан. Дараа нь EQ  болсон. Сүүлдээ AQ  буюу дасан зохицох коэффициент гэж ярьж байна.  Компаниас ч гэсэн ийм чадвар шаардагдаж байна.

    -Ярилцлага маань үүгээр өндөрлөж байна. Таны өнөөдөр удирдаж буй 17 хүндээ хандаж үг хэлээч.

    -Хайртай шүү бронуудаа. Манай залуучууд бүгдээрээ намайг “Болороо ахаа” гэж дууддаг.  Би бас залуучуудаа бро л гэж дууддаг.  Хүмүүс тэрийг зөв, буруу гэж янз бүрээр л хэлдэг. Миний хувьд буруудаад байгаа юм алга. Хоорондоо ойлголцоод ойр ажиллаж байхад болж л байдаг. Залуучууддаа би дандаа хэлдэг. Та нар нийгэмдээ үнэ цэнтэй зүйл бүтээж байгаа. Чиний хөгжүүлдэг энэ  бүтээлийг 1500 байгууллага ашиглаж байгаа. Тэгэхээр энэ том зүйлийн нэг эд эс нь чи шүү. Нөгөөтээгүүр, би заавал “баг нэгдүгээрт шүү” гэж хэлдэг. Би хүн ажилд авахдаа дундаж гүйцэтгэлтэй ч, багийн тоглолт сайтай хүнийг сонгодог. Тэр хүний дундаж гээд байгаа гүйцэтгэлийг сайжруулж болно. Тэгэхгүй би л чадаад байна, би л танай байгууллагыг авч яваад байна гэсэн сэтгэхүйтэй хүн хүмүүсийн ажлыг хийлгэдэггүй. Ганцаараа л ажиллаад байдаг.

    Ер нь хүн надгүйгээр энэ компани байхгүй гэж бодсон мөчөөс байгууллагадаа хэрэггүй болсон байдаг. Тийм учраас тэгж бодож болохгүй, үргэлж өөрийгөө би болоогүй байна, илүүг сурмаар байна гээд өлсгөлөн байгаарай гэж захидаг. Би ч гэсэн тэгж бодож болохгүй. Би л энэ компанийг авч явж байна гэж бодсон цагаас ажилтан эвдэрч эхэлдэг.

     





     

    Энэхүү мэдээ танд ямар санагдав?


    Сэтгэгдэл

    Одоогоор сэтгэгдэл алга. Эхний сэтгэгдэл үлдээгээрэй!

    tiim-logo

    © 2023-2026 Тийм Медиа Нэтворкс ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан