undefined. undefinedundefined
Мэдэхэд илүүдэхгүй: Монголын анхны томоохон хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр

2026 оны 3 дугаар сарын 16-нд манай улс анхны төвлөрсөн, үйлдвэрийн хэмжээний Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэртэй боллоо. Тус үйлдвэр нь шинэ Төв цэвэрлэх байгууламжаас өдөрт 50 мянган шоо метр, жилд 18 сая хүртэлх шоо метр усыг авч дахин боловсруулан, Дулааны III, IV цахилгаан станцад техникийн зориулалтаар нийлүүлнэ. Ингэснээр манай улсад анх удаа цэвэр усны хэрэглээг хэмнэх бодит тогтолцоо бүрдэж байгаа юм.
Энэхүү мега-төсөлтэй холбоотой таны мэдэхэд илүүдэхгүй 5 зүйлийг танилцуулъя:
1. Бариандаа амжилттай оров
Мянганы сорилтын сангийн Компакт гэрээ нь хэрэгжилтийн маш хатуу хугацаатай байдаг. Хэрэв үйлдвэрийг бүтээн байгуулалт эхэлсэн өдрөөс (2021.03.31) хойш 5 жилийн дотор ашиглалтад оруулаагүй бол Монгол Улсын Засгийн газар цаашдын санхүүжилтийг төсвөөсөө бүрэн хариуцах заалттай байв. Гэсэн ч манай улсын шилдэг мэргэжилтнүүд, хариуцлагатай багууд энэ төслийг хугацаанд нь амжуулан гүйцэтгэлээ.

2. Усны салбар дахь 462 сая ам.долларын хөрөнгө оруулалт
Нийт санхүүжилтийн 350 сая ам.долларыг АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар, харин 111.7 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас гаргасан байна. Энэ нь манай улсын усны салбарт хийгдэж буй түүхэн том хөрөнгө оруулалт юм.

3. Ус хангамжийн шинэ эх үүсвэр
Усны Компакт гэрээний дараагийн томоохон ажил нь Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр юм. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор нийслэл хотын төвийн шугамд жилд 50 сая шоо метр ус нэмж нийлүүлэх боломжтой болно. Харьцуулбал, одоо Улаанбаатар хотын иргэд цэвэр усны долоон эх үүсвэрээс жилд 55 сая шоо метр ус авч хэрэглэдэг байна.

4. 180 худгийн автоматжуулалт
2024 оны байдлаар Улаанбаатар хотын гэр хорооллын 400 мянган иргэний тал хувь нь 24/7 ажиллагаатай 331 ухаалаг худгаас усаа авч байна. Төслийн хүрээнд гэр хорооллын ус хангамжийг сайжруулах зорилгоор 180 худгийг бүрэн автоматжуулж, УСУГ-т хүлээлгэн өгсөн юм.

5. Монгол инженерүүдийн чадвараар боссон байгууламж
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “М-Си-Эс Проперти” компани ажиллаж, 3.5 жилийн дотор барилга угсралтыг амжилттай дуусгажээ. Төсөлд тус компанийн 136 мэргэжилтэн, дотоодын туслан гүйцэтгэгчдийн 166 ажилтан оролцсон байна. Харин технологийн зураг төслийг Францын тэргүүлэгч компаниудтай хамтран боловсруулжээ.

Энэхүү мэдээ танд ямар санагдав?
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Эхний сэтгэгдэл үлдээгээрэй!


